тамга судлал

         Тэмдэг-Тамга үүссэн нь хүн төрөлхтний бүдүүлэг үеэс омог-овгийн харилцаанд шилжих түүхэн үйл явцаас улбаатай.
        Танай манай гэсэн ялгавар гарч ирсэн тэр цагаас таних, гэрчлэх баталгаа болгон тэмдэг хэрэглэдэг болсон гэж үздэг.
          Овгууд шинээр салбарлах тутам овгийн хуучин үндсэн тамганы дүрсэнд нэмэлт зүүлт хийж үүсгэмэл тамга нэмэгдэхийн хамт шинэ үндсэн тамга ч гаргаж, овгийн нийт тамга олширч, олон овгийн их “хуралдай”, цуглаанд ирэгчид тэр цагийн нэртэй сүртэй хад цохионд овгийн тамгаа сийлж хоцоргох, нийгэм олноор хэрэглэх ус бэлчээрийг эзэмших эдлэх эрхээ бататган хад чулуунд нэгэн дор овгийн тамгаа сийлэн үлдээдэг байжээ.
       Тамга хэмээх нэр үг хэзээ үүсэн гарсан он цагийг магадлах сурвалж баримт одоохондоо бараг үгүй.
       Тамга нэгэн овгийн нийтлэг тамганаас нэгэн өрхийн буюу амин хувийн ба албан хууль зүйн тамга болтол хөгжсөн. Өөрөөр хэлбэл, овгийн тамганы нийтлэг чанар нь явцуурч, хувийн өмчийн шинжийг олсон түүхтэй.
  
    Төрийн тамганы түүхээс:
          Монголын нутаг дахь анхны төр улс Хүннү гүрний үеэс эхлэн төрийн тэмдэг тамга хэрэглэж байжээ. Судлаач Г.Сүхбаатар “Монголчуудын эртний өвөг” бүтээлдээ Хүннүгийн Шаньюй нь төрийн бүрэн эрхт эзний бэлэгдэл болсон төрийн хаш тамгатай байжээ гэж бичсэн.
         Монголын төрийн тамганы үүсэл хөгжилд айл зэргэлдээх Хятад орны бичиг соёл нөлөөлж ирсэн нь эргэлзээгүй.
         
          Монголчууд энэ цаг үеэс эхлэн олон зуун жил төрт ёсоо хадгалж төрийн тамгыг эрхэмсэг оршихуй байдлаар хэрэглэж иржээ.
         Төрийн тамга бол тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, хууль цаазны батламж, төр ёсны бэлэг тэмдэг болдог.  Мөн тухайн нийгмийн харилцаа хөгжлийн онцлог, бичиг соёлыг өөртөө тусгаж байдгаараа байнга сүр хүчтэй байдаг.
     Монголын олон аймаг угсаатныг нэгтгэн захирсан Чингис хааны анх барьсан Их Монгол улсын төрийн тамга үе улиран залгамжилсаар Лигдэн хааныг хүрсэн түүхтэй билээ.
Их Монгол улсын үеийн төрийн бодлого, үйл ажиллагаа, сүр хүчийн нэгэн илэрхийллийн нэг нь төрийн тамга нь байв.
Энэ үед төрийн алтан тамга, хөх тамга гэсэн монгол бичиг бүхий хоёр тамга хэрэглэдэг байжээ.
        “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай.” гэсэн бичээстэй.
Монгол хэлээр 6 мөр бичигтэй, 14,5х14,5 см хэмжээтэй тамга юм.
 Өгөдэй хаан хувьд Их Монгол улсын далай хааны тамга гэсэн үг үсэг бүхий төрийн тамгатай байсан гэж нууц товчоо болон бусад тулгар бичигт дурдсан байдаг.
       Монголч эрдэмтдийн VI их хуралд Өвөр Монголын номч эрдэмтэн Сайшаал гуайн тавьсан илтгэлээр дэвшигдэж буй нэгэн баримтлал нь Хубилайн болон дараачийн хаадад нэгдсэн монгол улсын төрийн тамга шилжсэн. Харин Хубилай хаан нь их монгол улсын далай хааны тамгыг хэрэглэсэн нь тодорхойгүй гэжээ.
       Монголын нэгдсэн улсын төрийн тамга тэмдэгнээс өнөөгийн бидний гарт орж ирсэн болон нүдэнд харагдах нь тун ховор. Харин Хубилай хааны төр засаглалын үеэс /дөрвөлжин бичиг гарснаас хойш/ хэрэглэгдсэн тамга тэмдгийн дурсгал харьцангуй олон байдаг.
Хубилай хаан Пагва лам  Лодойжанцанг Да-бу Фа-ван хэмээн өргөж хаш тамга соёрхсон гэсэн мэдээ байдаг.
Мөн төрийн хаш тамга, алтан тамга хэрэглэгдэж байсан. Төрийн дээд зэргийн хэрэгт хаш тамга, гурваас тав дугаар зэргийн хэрэгт /ажилд/ алтан тамга тус тус дардаг байжээ.
     XV-XVI зууны үед Монгол төрийн Их тамга, Алтан тамга байсан тухай мэдээ байдаг ч биет дурсгал уламжлагдаж ирээгүй.
    
         Манжийн үед Халх монголын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн Манжийн төрийн тамгаар батламжлагдсан дэглэм тогтсон. Монгол Улсын төрийн бүх эрх мэдэл Манж хаан, түүний захиргааны байгууллагад шилжиж монгол үндэсний сүлд, туг, тамга хэрэглэдэггүй болсон.
         Манж нар Халх 4 аймгийг байгуулж, хан нарт нь Манж монгол үсэг-үг бүхий тамга бариулжээ.
         Манжийн төрөөс Монгол аймгуудын ханд олгосон тамганы бичээс нь: Эхний мөрүүдийг Манж үсгээр, удаах мөрүүдийг монгол бичгээр бичсэн байна. Энэ нь өнгөн талдаа Хос ёсны бэлэгдэл мэт ажиглагддаг боловч монгол орон манжийн эзэн эрхшээлд автагдсаныг батлах нэгэн баримт юм.
Манжийн төрөөс Монгол ноёдод арслан бариултай мөнгөн тамга бариулж байжээ. Энэхүү тамга нь Манжийн төрийн бодлогыг монгол газарт хэрэгжүүлэх батламж болж байна.
Манжийн эрхшээлийн үе дэх Монголын засаг захиргааны байгууллагуудын тамга нь арслан, бар иш-догтой /бариултай/ байсан.
         Манжийн төрөөс Монголыг захирах бодлогын хүрээнд шашны тэргүүн нарыг өөртөө татах явдал гол байр суурь эзэлж байсан. Манжийн эрхшээлийн үед Ар Монголд 19, Өвөр Монголд 57 хутагт тус тус байсан бөгөөд хутагт хувилгаадын шавь нарын тооны олон цөөнөөс шалтгаалан тамгатай, тамгагүй гэж ялгаварладаг байжээ. Шавь нь 700 хүрсэн бол захиргаа байгуулж тамга олгодог байв. Халхад тамгатай хутагт 11, тамгагүй хутагт хувилгаад 50 орчим байв.
         1875 оны 10 сарын 3-нд VIII Богд Их хүрээнээ морилон ирж, мөн сарын шиний 5-ны өдөр хутагтын ширээнээ заларсан. Энэ ёслолын үеэр Манж хааны зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч гэж манж, монгол, төвдөөр бичсэн алтан тамгыг өргөмжлөлийн хамт гардуулжээ.
1911 оны 12 сарын 29-нд Богд Жибзундамба хутагтыг шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд хаан гэдэг цолыг өргөжээ.  Богд хаанд хааны хаш эрдэнэ тамга, алтан үсэгт өргөмжлөл, есөн цагаан бэлэг өргөсөн байна. Энэхүү цагаан хаш тамгыг Гомбо гэдэг хүн хийсэн.
    Уг тамга нь: соёмбо, дөрвөлжин, худам монгол бичгээр Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга гэсэн бичээстэй. Энэ тамганы улны зузааны дээд талд нь Тэнгэр, доод талд нь газар гэж сийлсэн.
Мөн энэ тамганы адил бичээстэй арслан бариултай мөнгөн тамга хэрэглэж байсан бөгөөд хаш тамганаасаа арай том хэмжээтэй тамга байжээ.
Монгол улсын эзэн хаан Богд Жибзундамба нь шашны хэргийг тусгайлан эрхлэх Алтан тамга барьдаг байсан.
         Уг тамганы соёмбоны 2 талд “Зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулалгч, амьтныг жаргуулагч аврал итгэл хамгийг айлтгагч оройн чандмань очир дара ламын тамга” гэсэн монгол, түвд үсгийн бичээстэй.
Улсын эх дагина Дондогдулам нь “Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагины тамга гэсэн тамга барьж хэрэг шийдвэрлэдэг байжээ.
          Аливаа улс орны төрт ёсны илэрхийлэл болсон төрийн тамга нь тухайн улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын илэрхийлэл, хууль цаазны батламж, төрт ёсны бэлэг тэмдэг нь болдгоороо үргэлж сүр хүч, гүн утга агуулгатай юм.


Share on Google Plus

About С. Ууганбаяр

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment

0 comments:

Post a Comment